Вэбсайт бол маркетинг, борлуулалтын гол сувгуудын нэг. Гэтэл захын байгууллагын вэбсайт руу орж үзэхэд мэдээллээ шинэчлээгүй удсан, эсвэл хайсан зорилтот мэдээллээ олж авч чадахгүй байх тохиолдол түгээмэл ажиглагддаг. Та ч бас тийм тохиолтой таарч байсан болов уу. Гэвч энэ бол том алдаа гэдгийг BZP Design&Development компанийн гүйцэтгэх захирал Ж.Дашням хэлж байна.
Хэрэв та бизнесээ илүү өргөжүүлж, сайжруулмаар байгаа бол вэбсайтаа тэр хэрээр илүү сайн ашиглах хэрэгтэй. Мөн бизнесийн тань хамгийн чанартай хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах нэн тохиромжтой суваг бол вэбсайт гэдгийг мартаж болохгүй. Мэдээж хэрэг таны бизнес хэрэглэгчийн хандаж болох бүх төрлийн сувагт байрших ёстой. Гэхдээ дийлэнх бизнес эрхлэгчид сошиал медиа маркетингдаа илүү анхаарал хандуулж, дижитал маркетингийг орхигдуулж байгаа учраас вэбсайтыг дутуу үнэлэх тал бий.
Сошиал сувгуудыг бизнесийн үйл ажиллагаандаа ашиглаж буйг сошиал медиа маркетинг гэх бол дижитал маркетинг үүнээс хавьгүй өргөн хүрээг хамардгаараа онцлог. Тиймээс дижитал маркетинг болон сошиал медиа маркетинг нь өөр хоорондоо ялгаатай ойлголтууд юм.
Ихэнх байгууллага вэбсайт төдий л үр дүнгүй гэж үздэг учраас сошиал медиадаа илүү анхаарал хандуулдаг. Гэвч вэбсайтдаа зориулсан идэвхтэй ажлууд хийхгүй байгаа учраас л үр дүн үзүүлэхгүй байна гэдгээ төдийлэн анзаардаггүй. Амьгүй, хөгжилгүй, зогсонги дүр төрхтэй вэбсайтад хандах хүмүүсийн тоо бага байх нь ойлгомжтой. Тиймээс энэ хандлагыг эвдэх зорилгоор BZP Design&Development компани үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Байгууллагын вэбсайт хөгжүүлдэг тус компани бизнесийн үйл ажиллагаагаа сайжруулах шинэлэг шийдэл боловсруулдгаараа уламжлалт вэб хөгжүүлэлтийн агентлагуудаас ялгаатай.
Бизнес эрхлэгчдийн дунд компаниа нэгэнт байгуулаад авсан учраас юутай ч вэбсайттай байх ёстой гэсэн хандлага түгээмэл байдаг. Харин “Вэбсайтаа яг ямар зорилгоор хөгжүүлэх гэж байгаа вэ?” гэх асуултад бүдрэх нь олонтаа. Товчхондоо, зорилгоо тодорхойлоогүй байна гэсэн үг.
Хэрэглэгчдийн дийлэнх нь Facebook-ээс мэдээлэл авдаг гэдэг ч ихэнх тохиолдолд newsfeed-ээ гүйлгэх зуур тааралдсан мэдээнд “Like” товчийг дараад л өнгөрчих нь бий. Гэтэл вэбсайт эсрэгээрээ хэрэглэгчийг тогтоон барьж, нэг дороос бүрэн дүүрэн мэдээлэл авах боломж олгодог суваг гэдгээрээ онцлог. Харин Facebook бол тэрхүү мэдээллийг дамжуулж, холбох суваг. Тэгэхээр хүмүүс компанийнхаа Facebook хуудсыг вэбсайт шиг авч үздэг нь хамгийн том алдаа гэдгийг Ж.Дашням онцолсон юм.